Нүдээ зөв будах зөвөлгөө

Ерөнхий зөвлөгөө
Юуны түрүү нүдээ зөв будахад гоо сайхны хэрэглэлээ зөв сонгож олж авах явдал чухал. Нарийхан бийр, сайхан үзүүрлэсэн харандаа, зөөлхөн пролон, нүдний өнгөндөө тохирсон тень, түүнийг тавих өргөн багс, сормуусны будаг, өөр хооронд нь салгах тусгай саманцар гээд бүгд байх ёстой. Ганц нэгхэн зүйлээр аргалах биш бүх төрлийн, янз бүрийн хэмжээстэй багажтай байх нь нүдээ сайхан будахын эхлэл.
За ингээд будаж эхлэх үү. Бас нэг анхаарах зүйл байна аа. Нүдээ зөв сайхан будахад гэрэлтүүлэг зөв байх ёстой. Таны толины чинь дээр, өөдөөс чинь үл ялиг дээрээс тонгойсон гэрэл хурц тусч байх ёстой. Толь чинь хоёр байвал сайн. Нэг нь жирийн толь бол нөгөө нь томруулдаг. 
Эхлээд зовхины суурь тениэ тавина. 

Хүрэн нүдийг хэрхэн будах вэ
Монголчууд ихэвчлэн хар, хүрэн нүдтэй байдаг. Өдөртөө бол та нүдээ шаргал, хүрэн, хүрэл өнгийн тень тавибал та хүний нүдэнд дулаахан харагдана. Харин оройн цагаар үзвэр үйлчилгээнд явах гэж байгаа бол хурц өнгөнөөс бүү зайлсхий. Зовхио хар харандаагаар сайхан эмжээд өг. Сормуусаа мөн хараар будаарай. 

Ногоон нүд
Ийм нүдтэй нууцлаг бүсгүйчүүд байна аа.  Өдөр тутам бол та ийм нүдэндээ хүрэн, бас алтлаг тень тавиад үз. Ингэвэл нүдийг чинь арай хурц харагдуулна. За харин хөх тень битгий тавиарай. Ягаавтар суурь тавихдаа болгоомжтой, хэтэрвэл уйлчихсан юм шиг болно. 
Оройдоо бол  үл ялиг чернилэн ягаан суурь тавь. Саарал харандаагаар нарийнхан будна биз. Ногоон нүдэнд хараар будсан зовхи нэг таарахгүй дээ. Харин хар хүрэн юм уу, гүн саарал өнгө тавь. Ингэхэд харц чинь итгэл төгс харагдах болно. 

Цэнхэр нүд
Цэнхэр нүдтэй бүсгүй хүүхэд шиг харагдах нь бий. Зөв будвал өөртөө итгэлтэй, харц чинь шийдэмгий харагдаж болно. Ийм болгохын тулд хөх, ер нь хүйтэн өнгийн суурь тень тавих хэрэгтэй. Тениэ сормуусны дагуу дээд доод зовхиндоо ижил хэмжээтэй тавихдаа өнгийг нь зөв уусгаж өгөхгүй бол таныг ядарсан харцтай болгож орхино шүү. 
Хөх нүдтэй бүсгүйчүүд зовхио хараар теньдэж, сормуусаа будах хэрэггүй. 

Саарал, хөх саарал нүд
За даа ийм нүдтэй бүсгүйчүүд дулаан өнгийн суурь тавихаас зайлсхийх нь зүйтэй дээ. Улам л хүйтэн хөндий харагдана. Харин мөнгөлөг өнгийн тень тавиад үз. Дээд сормуусныхаа дагуу харавтар суурь тавиад сормуусаа хараар буд. 
Ер нь өөр өнгийн нүдтэй бүсгүйчүүд хаашдаа дүүрсэн юм, нэгэнт л эхээс ингээд төрчихсөн юм чинь гээд хайш яйш хандалгүй зөв будаж чадвал төрөлхийн ийм дутагдлыг ч цэвэрхээн нууж эрхэмсэг, сайхан харагдаж болох шүү дээ.

Өөр хоорондоо ойрхон нүд
Ийм нүдтэй бүсгүй байх. Ийм нүдийг зөв будвал арай хол юм шиг харагдуулж бас болох нь. Ингэхийн тулд зовхиндоо тень тавихдаа нүднийхээ дотор талын хэсгийг гэгээлэг, харин захын хэсгийг гүн өнгөөр тавиад үз дээ. Дээд сормуусныхаа дагуу тавих харандаагаа дотр талын хэсэгт нь хүргэлгүй орхи. Сормуусаа хараар будахын хэрэггүй, ингэвэл нүдний чинь хоёр захын булан тод харагдана. Нүд нь тийм ч ойрхон биш болж байгаа биз дээ.

Жижигхэн нүдтэй бол
Мэдээж та арай том нүдтэй юм шиг харагдах гэж байгаа биз дээ. Тэгвэл хар тень тавих хэрэгтэй болох нь. Харандаан шугам чинь арай бүдүүн байх бол, сормуусыг нэг их харлуулах хэрэггүй. Ингээд зөв будчихвал нүд чинь арай том харагдаж, сэтгэл булаам болж ирнэ. 

Онигор нүд
За монголчуудыг ч тэртэй тэрггүй онигорууд гэдэг дээ. Тэгэхээр гэгээлэг тенийг дээд зовхиндоо бүр хөмсгөө хүртэл уусгаад тавьж өг. Дээд зовхиндоо тавих харандаан зураасаа хамар талдаа буюу дотоод тал руу нь үл ялиг бүдүүн зураарай. Нүдээ нээсэн үед ч таны зураас харагдаж байвал нүд чинь арай л том харагдана даа. Сормуусаа харин хараар будахаа мартуузай. 

Бүлтгэрдүү нүд
Хар бараан тень зохимжтой. Дээд зовхио дундаас нь эхлээд гадагшаа уусгаж тавь. Тэгээд харандаагаар  нарийхан зураас мөн дээд зовхиндоо тавина. Сормуусаа хар тушиэр нэг л удаа нимгэн будна. Ийм бүлтгэр нүдэнд нарийхан хөмсөг зохихгүй ээ, дунд зэргийн бүдүүн болгох хэрэгтэй.

Дугираг нүд
Том дугираг нүдтэй бол та санаа зовж, үүнээсээ ичих хэрэггүй. Дээд зовхиндоо гэгээлэг тениэр суурь тавь. Дараа нь бараавтар тениэр гаднах булан хүртэл нь шингээн буд. Дээд зовхиноос гарах чиглэлтэй суман зураас гадагшаа чиглүүлж нүднээсээ илүү гарган тавь. Зөвхөн дээд сормуусаа хараар сайн буд. Энгийнээр хэлэхэд та дугираг нүдээ зууван болгож харагдуулахаар нэмж байна гэсэн үг.

http://www.assa.mn/a/10994

https://www.facebook.com/KHADAANMongolia/